Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо 2017 оны 7 сараас 2018 оны 3 сарын хооронд Мицубиши Корпорацийн санхүүгийн дэмжлэгээр "УБ хотын хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлсон судалгаа"-г хэрэгжүүлэв. Энэхүү судалгааны дүнг холбогдох талуудад хүргэх, агаарын бохирдлоос хүүхдүүдийн эрүүл мэндийн хамгаалах ажлуудыг эрчимжүүлэхэд нөлөөлөх зорилгоор судалгаанд хамрагдсан сургууль, зарим яамд, байгууллагуудад албан бичгээр судалгааны үр дүнг хүргэлээ.
Судалгааны үр дүнг хүргүүлсэн байгууллагууд:
- Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль
- Нийслэлийн 39 дугаар дунд сургууль
- Эрүүл мэндийн яам
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан шинжлэх ухаан, спортын яам
- Байгаль орчин, аялал, жуулчлалын яам
- Нийслэлийн боловсролын газар
- Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
- Нийслэлийн эрүүл мэндийн газар
- НҮБ-ийн Хүүхдийн сан зэрэг байгууллагуудад хүргүүлэв.
СУДАЛГААНЫ ДҮНГ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧГИЙН АГУУЛГА
Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 2 сарын хооронд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-ны үр дүнг энэхүү албан бичгээр та бүхэнд хүргүүлж байна.
Энэхүү төслийг Мицубиши Корпораци санхүүжүүлж, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лаборатори хамтран хэрэгжүүллээ.
Судалгааны төсөл нь Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг нь бодиттойгоор судлан тогтоож, үр дүнг нь олон нийт, мэргэжлийн байгууллага, бодлого шийдвэр гаргагч нарт хүргэх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх, оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Манай улсад хийгдсэн агаарын бохирдлын талаарх судалгаанууд гадаад эсвэл дотоод орчинд сонгосон суурин цэгт хийсэн хэмжилтийн дүнг ашиглаж ирсэн. Амьсгалын түвшинд хоногийн турш хэмжилт хийж, хувь хүний өртөлтийг тодорхойлох судалгаа Монголд хийгдэж байгаагүй.
Бид энэхүү судалгааны хүрээнд Улаанбаатар хотын хүн амын хамгийн өртөмхий бүлэг болох хүүхдүүдийг сонгож хоногийн турш гэр, сургууль, гадаад орчинд даган агаарын бохирдолд өртөх байдлыг амьсгалын түвшинд нь хэмжив. Судалгаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооноос 50, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос 50 нийт 100 хүүхдийг хамруулж, 2017 оны 12 дугаар сард агаарын бохирдлын хэмжилтийг хийлээ.
Албан бичигтэй хамт хүргүүлсэн судалгааны тайлангаас дэлгэрэнгүй үр дүнтэй танилцана уу.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо