card

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь шинжлэх ухааны тодорхой салбаруудад суралцаж, туршлагажcан байх ёстой ба түүний мэргэжлийн итгэл үнэмшил дээрээ тулгуурлан гаргасан шийдвэр нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхныг хангах,  хамгаалахад чиглэх ёстой.

Нэмэлт тайлбар:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын мэргэжлийн үзэл бодол, шийдвэр, зөвлөмж, судалгаа, хэмжилтийн үр дүн зэрэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой бөгөөд дээрх нотолгоонд тулгуурлан хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалахад чиглэсэн практик ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн үзэл бодлоо илэрхийлэх  эсвэл зөвлөмж гаргахдаа бодит баримтыг нуух, өөрчлөх, гуйвуулах ёсгүй.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь хэмжилт, шинжилгээний хариуг гаргахдаа  зориудаар баримтыг гуйвуулах, хайхрамжгүй байдал гаргаж хэрхэвч болохгүй.
  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлст өртсөн хүн амын бүлэг (оршин суугчид, ажилчдын)-т нотолгоонд суурилан мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай бол үүсэж болзошгүй өвчин эмгэг, сөрөг үр дагаврын талаар урьдчилан анхааруулах ёстой.

Нэмэлт тайлбар:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдээллийг үнэн бодит эх сурвалжаас олж авах  ёстой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг эргэн хянаж, нөлөөлөлд өртсөн талуудыг үндэслэл, нотолгоотой мэдээллээр хангаж ёстой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь эрүүл мэндийн эрсдлийг хэмжих, үнэлэх ажлыг эхлүүлж, нөлөөлөлд өртсөн оролцогч талуудтай үр дүнтэй харилцааг бий болгох ёстой.
  • Оролцогч талууд гэдэгт тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааран байгууллагын удирдлага, үйлчлүүлэгчид, ажилчид, ажил олгогч болон бусад бүлгүүд багтана.
  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэж байх явцад олж мэдсэн хувь хүний болон байгууллагын мэдээллийг  чандлан нууцалж, зөвхөн хууль ёсны дагуу эсвэл эрүүл мэнд, аюулгүй байдлын  асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэдгээр мэдээллийг хэрэглэх нь зохистой.

Нэмэлт тайлбар:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь ажилчид, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг холбогдох талуудад мэдээлэн үр дүнтэй харилцаж байх нь зүйтэй
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн итгэл үнэмшлээрээ гаргасан шийдвэрийг хүний эрүүл мэнд, амь насанд аюул тулгарсан, үед хүчингүй болгосон тохиолдолд зохих ёсоор ажил олгогчид, үйлчлүүлэгчид эсвэл холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх ёстой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь хувь хүн, байгууллагын нууцлал бүхий мэдээллийг зөвхөн тэдний зөвшөөрлөөр бусдад дэлгэн мэдээллэх ёстой. Мөн хууль тогтоомжийн дагуу тэдгээр мэдээллийг ил болгох үүрэг хүлээж болно.
  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн итгэл үнэмшлээрээ ажиллах боломжгүй нөхцөл  байдалд орох болон ашиг сонирхлын зөрчилд автахаас зайлс хийж байх ёстой.

Нэмэлт тайлбар:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь талуудын автаж болзошгүй эсвэл илэрхий байгаа ашиг сонирхлын зөрчлийг нэн даруй ил болгож байх нь зохистой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь талуудаас санхүүгийн дэмжлэг болон бусад үнэлж болохуйц эд зүйлс авах, асуудлыг шууд ба шууд бусаар шийдвэрлүүлэхээр гуйх, хүсэх ёсгүй бөгөөд энэ нь мэргэжлийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргахад нь нөлөөлдөг.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь өөрийн ажил, албан тушаалаа хамгаалах зорилгоор бусдад бэлэг өгөх, ямар нэг асуудлыг нь шийдвэрлэхийг санал болгох ёсгүй.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахаар хэрэгжүүлсэн ажил нь үр дүнгүй болсон үед ажил олгогчид, үйлчлүүлэгчдэд мэдээлж, уг ажлыг үр дүнтэй болгох талаар зөвлөгөө өгөх ёстой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч өөрийх нь ажил үүргээ гүйцэтгэх чадварт нь сөргөөр нөлөөлөх ажлыг хийхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь үйл ажиллагаагаа зөвхөн өөрийн мэргэжлийн талбарт  гүйцэтгэж байх нь зүйтэй.

Нэмэлт тайлбар:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь суралцаж, туршлага хуримтлуулж, зохих шалгуураар шалгагдсан тодорхой мэргэжлийн салбар (хөдөлмөрийн эрүүл мэнд)-д ажил үүргээ гүйцэтгэж бусад мэргэжил (физик, хими, биологи, мэргэжлийн өвчин)-ийн тусламжийг зохих шалгуур хангасан нийгэмлэг, зөвлөх үйлчилгээ, мэргэжилтнээс авах нь зүйтэй.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн сургалтанд хамрагдаж, зохих шалгуурыг хангаж эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, батламжтай байна.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь өөрийн эсвэл түүний удирдлага дор  ажилладаг мэргэжилтний үйлдсэн бичиг баримтыг “Хөдөлмөрийн Эрүүл Ахуйч”-ийн лац, тамга, тэмдэг, гарын үсгээ ашиглан баталгаажуулж, хүчин төгөлдөр болгоно.
  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн үнэнч шударга байдлыг дэмжин ажиллах үүрэгтэй.

Нэмэлт тайлбар:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь олон нийтийг хууран мэхлэх, мэргэжлийн нэр хүндийг гутаах үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулахаас зайлсхийж байх ёстой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь хөдөлмөрийн эрүүл ахуйн шударга бус үйл ажиллагаа явуулах, залилан мэхлэх зорилготой хэн нэгэн эсвэл ямар нэгэн байгууллагад өөрийн нэр эсвэл байгууллагын нэрээ ашиглуулахаас татгалзах ёстой.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь өөрсдийн үйл ажиллагаа, туршлагаа сурталчилахад үнэнийг гуйвуулсан эсвэл үнэнийг үл хайхарсан, бусдыг төөрөгдүүлэх мэдээлэл ашиглаж болохгүй.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь ажил олгогч, ажилчид, бусад талуудад санаатайгаар мэргэжлийн боловсрол, туршлага, эсвэл ажил үйлчилгээнийх нь талаар үнэнийг гуйвуулсан мэдээлэл өгөх, бусдад ташаа мэдээлэл тараахыг зөвшөөрөх ёсгүй.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь өөрийн мэргэжлийн боловсрол, туршлага, мэргэжлийн шалгуур хангасан байдлын талаар үнэн зөв мэдээллэх ёстой.