Хүүхэд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлсон судалгааны үр дүнг түгээх ажил амжилттай түгээж дууслаа

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 2 сарын хооронд “Хүүхэд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-ны төслийг хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийг Мицубиши Корпораци санхүүжүүлж, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лаборатори хамтран хэрэгжүүлэв.

Уг төсөл нь Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг нь бодиттойгоор судлан тогтоож, үр дүнг нь олон нийт, мэргэжлийн байгууллага, бодлого шийдвэр гаргагч нарт хүргэх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх, оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын хүн амын хамгийн өртөмхий бүлэг  болох хүүхдүүдийг сонгож хоногийн турш гэр, сургууль дээр байх болон хичээлдээ явах үед нь даган агаарын бохирдолд өртөх байдлыг амьсгалын түвшинд нь хэмжилт хийсэн.  Судалгааны дүнгээр хүүхдүүд хичээлдээ явах замдаа эрүүл мэндэд аюулгүй түвшнээс 38 дахин их нарийн ширхэгт тоосонцор, 32 дахин их хүхэрлэг хий, 7.5 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогдсон.  Энэ нь хүүхдэд зүрх судас, амьсгалын эрхтний өвчлөл, бусад эрүүл мэндийн сөрөг үр дагавар үүсгэх нөхцөлд бүрдсэнийг харуулж байна.

Судалгааны төслийн сүүлийн үе шат болох үр дүнг түгээх ажлыг 2018 оны 2-5 сарын хооронд хэрэгжүүлж дууслаа. Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, шийдвэрийг оновчтой болгох, олон нийтийн мэдлэг, хандлагад нөлөөлөхөд энэхүү судалгааны үр дүн нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо баримт болох ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнг шийдвэр гаргагч болон олон нийтэд зориулсан зохион байгуулсан.  Шийдвэр гаргагч нар буюу агаарын бохирдлоос хүүхдүүдийг хамгаалахад хамгийн үүрэг оролцоотой дараах байгууллагуудад 2018 оны 3 дугаар сард судалгааны үр дүнг албан бичгээр хүргүүллээ. 

  1. Эрүүл мэндийн яам
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан шинжлэх ухаан, спортын яам
  3. Байгаль орчин, аялал, жуулчлалын яам
  4. Нийслэлийн боловсролын газар
  5. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар
  6. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  7. Нийслэлийн эрүүл мэндийн газар
  8. НҮБ-ийн хүүхдийн сан

Түүнчлэн 2018 оны 2-5 сарын хооронд олон нийтэд зориулсан мэдээллүүдийг  GOGO.MN, IKON.MN мэдээний сайт, MONGOL HD TV телевизээр дамжуулан нийт 6 удаагийн вэб мэдээ, 2 удаагийн ТВ мэдээ, 2 удаагийн Facebook Live мэдээг түгээлээ. Түүнчлэн судалгааны төслийн удирдагч АУ-ны доктор Д.Нарансүх  2018 сарын 5 сарын 5-ны өдөр TEDx Ulaanbaatar үйл ажиллагаанд "Агаарын бохирдол ба дундаж наслалт" лекцийг уншиж олон нийтэд мэдээлэл хүргэв. 

Судалгааны хураангуй болон бүрэн хэмжээний тайланг доорх холбоосоос татаж унших боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО