Ажлын байран дахь хар тугалга ба зарим металлын өртөлт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Ойролцоогоор 35 төрлийн металл ажлын байранд түгээмэл хэрэглэгдэж байгаа бөгөөд эдгээр нь ажлын байранд архаг болон хурц хордлого үүсгэх магадлалтай. Эдгээрээс гуравны хоёр нь болгоомжтой харьцаагүй тохиолдолд эрүүл мэндэд аюул учруулж, хүний биед тодорхой хортой нөлөө үзүүлэх элементүүд багтдаг. Харин зарим металл нь бага хэмжээтэй өртсөн тохиолдолд хоргүй ба эсрэгээрээ хүний биед хэрэгцээтэй байдаг. Зарим металл бага тунгаар өртсөн ч шууд болон архаг хордлого үүсгэдэг. Тухайн металлууд нь гол төлөв цуллаг эрхтэнд хуримтлагдаж, үйл ажиллагааны хямралд хүргэсэнээр өвчлөл үүсгэдэг тухайлбал: мэдрэлийн тогтолцооны эмгэг, элэг, бөөр өвчлөх зэрэг. Зарим металл нь хорт хавдар үүсгэдэг. мөн зарим металл болон металлын нэгдлүүдтэй удаан хугацааны турш байнга харьцсанаас харшил үүсэж болно.
Үйлдвэрлэлд хамгийн түгээмэл ашиглагддаг металлуудад мөнгөн ус, хар тугалга, кадми, никель, хром, марганец, хүнцэл, сурьма, цайр, зэс, кобальт, ванади, берилли багтдаг бөгөөд металл түүний нэгдлүүдийн аль аль нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Ажлын байран дахь хурц хордлого нь агаарт тархсан тоос, утаа, уураар амьсгалснаас үүсдэг ч зарим металл тэдгээрийн нэгдлүүдэд арьсаар өртөх боломжтой.
Мөнгөн ус нь мөнгөн усны уураар амьсгалах үед биед нэвтэрдэг. Мөнгөн ус нь мэдрэлийн системд гэмтэл учруулдаг. Хүрээлэн буй орчинд мөнгөн ус нь органик нэгдэл болох метил мөнгөн ус болж хувирдаг бөгөөд энэ хувилбар нь загасанд хуримтлагдаж цаашлаад хүнсний сүлжээгээр дамжин хүн өртөх нөхцөл бүрддэг ба эхээс урагт дамжин нөлөөлдөг. Мөнгөн усны нэгдлүүд нь хлорын үйлдвэрлэл, болон уул, уурхай, арьс ширний нунтаг, пестицид зэрэгт ашиглагддаг.
Кадми нь гагнуурын зарим металл болон цахилгаан хавтангийн найрлагад ордог ба энэ нь (Ni-Cd) батерейнд ашиглагддаг. Зарим хуванцар материалууд мөн дулаан тогтворжуулагчийн үүрэгтэйгээр кадмийн стеарат агуулж болно. Олон төрлийн улаан, шар өнгийн будагч бодис кадмийн нэгдлүүдийг агуулдаг. Хүний биед кадмийг биеэс гадагшлуулах механизм байддагүй тул амьдралын туршид өртсөн кадми нь бөөрөнд хуримтлагдаж аажмаар бөөрний үйл ажиллагааг бууруулдаг. Кадми ба түүний нэгдлүүд нь байгаль орчин, гол, ус, далай бохирдуулагчид юм. Олон улсад кадми агуулсан нэгдлүүдийн зарим хэрэглээг хориглосон эсвэл эрс хязгаарласан байдаг.
Никель нь зэвэрдэггүй ган зэрэг олон төрлийн хайлш үйлдвэрлэхэд ашиглагддаг. Никель бүрэх зэрэг никель болон түүний нэгдлүүдтэй харьцан ажилласанаас шалтгаалсан харшил түгээмэл тохиолддог. Зарим никелийн нэгдлүүд хорт хавдар үүсгэдэг.
Хром нь давс, хромын хүчил хэлбэрээр төрөл бүрийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг. Мөн цахилгаан тоног төхөөрөмжөөс машины эд анги хүртэл янз бүрийн цахилгаан дамжуулагч металл эд анги хийхэд ашиглагддаг. Хромын нэгдлүүдийг нэхмэл эдлэлийг будахад ашиглахаас гадна зарим цемент бетоны найрлагад ордог. Хромын нэгдлүүд нь хорт хавдар үүсгэж, хэт мэдрэгшилтэй болоход нөлөөлдөг.
Манган нь олон хайлшны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ган үйлдвэрлэхэд бас ашиглагддаг. Уурхай, хайлуулах үйлдвэрийн тоос, утаа нь манган түүний нэгдлүүдийг агуулдаг. Энэ нь мөн гагнуурын электродын найрлагад ордог. Манганы хордлого нь халдварын эсрэг биеийн дархлааны тогтолцоог сулруулж, мэдрэлийн системийг ноцтой гэмтээдэг.
ХАР ТУГАЛГА
Шинж чанар
Хар тугалга нь хөх саарал өнгөтэй, хүнд металл юм. Энэ нь маш зөөлөн бөгөөд зэврэлтэнд тэсвэртэй. Эртний Ромын эзэнт гүрний үед ванны ус зайлуулах хоолой болгон ашиглаж байсан хар тугалга хоолойнууд одоо ч ашиглагдаж байна. Хар тугалганы хайлах цэг нь металлын хувьд харьцангуй бага байдаг: 3270°C, 500°C-аас дээш температурт ууршиж эхэлдэг. Гагнах, нунтаглах процессын үед дээрх температурт хүрдэг.
Хар тугалга нь төмрийн дараа хамгийн өргөн хэрэглэгддэг металл учир хүн ажлын байр, орчин, ахуйн хэрэглээтэй холбоотой өртөх эрсдэлтэй. Дэлхий дээр жилд 2.5 сая тонн хар тугалга үйлдвэрлэдэг. Энэ хар тугалганы ихэнх хэсэг нь батерейны үйлдвэрлэлд ашиглагддаг ба үлдсэн хэсэг нь кабелийн бүрхүүл, сантехник, зэвсэг болон түлшний нэмэлт болгон ашигладаг алкилилийн нэгдлүүдийг үйлдвэрлэхэд ашиглагддаг.
Олон улсад хар тугалганы хаягдлыг боловсруулах нь түгээмэл. Хар тугалга нь цайржуулсан материал, гагнуур, гууль, холхивчийн металл зэрэг олон хайлшийн бүрэлдэхүүн хэсэг юм. Металл нь дуу чимээг сайн шингээдэг бөгөөд рентген төхөөрөмжийн эргэн тойронд цацрагийн хамгаалалт болгон ашигладаг.
Хар тугалганы нэгдлүүдийг будагны пигмент болгон өргөнөөр ашиглаж ирсэн ч эрүүл мэндэд учирч болох хор хөнөөлийг бууруулах үүднээс сүүлийн үед хэрэглээг эрс хязгаарласан. Ихэнхдээ металл гадаргууг хамгаалах зориулалттай будгийн найрлагад ордог.
Зарим хуванцар үйлдвэрлэлд хар тугалгыг тогтворжуулагчаар ашигладаг. Харин керамик үйлдвэрүүд шаазан болон пааландсан хавтангуудад хар тугалганы исэл, силикатыг ашигладаг. Мөн хар тугалгын арсенат нь пестицид юм. Орчны бохирдол нь хар тугалга агуулсан түлшний хэрэглээнээс үүдэлтэй ба улс орнууд хэрэглээг багасгах тал дээр онцгой анхаарал хандуулж байна.
Хартугалга нь дараах 2 хэлбэрээр оршдог.
Органик бус: хар тугалганы нитрат, хар тугалганы исэл, хар тугалганы сульфат зэрэг
Органик: хар тугалганы ацетат, тетраэтил хар тугалга, триалкил хар тугалганы нэгдлүүд гэх мэт.
Хар тугалга эсвэл түүний нэгдлүүд нь биед хуримтлал үүсгэдэг хортой нэгдэл учраас болгоомжтой харьцах хэрэгтэй. Хэвийн үед хүрээлэн буй орчноос (агаар, ус, хөрс) үүдэлтэй гол төлөв хоол хүнсээр дамжин өртдөг. Ажлын байранд хар тугалгад өртсөнөөр биед хуримлагдах тун нэмэгддэг.
Хар тугалганы ацетат, хар тугалганы арсенат, хар тугалга карбонат, хар тугалга фосфат зэрэг хар тугалгын нэгдлүүдийн босгон хэмжээ (Threshold Limit Value - TLV) нь 0.15 мг/м3 байна. Хар тугалганы хромат ба тетраэтил хар тугалганы хувьд босгон хэмжээ нь 0.05 мг/м3 байна. Нийт тоосонд агуулагдах хар тугалгын хэмжээ болон түүний ихэнх органик бус нэгдлүүдийн хувьд босгон хэмжээ зарим улсад 0.1 мг/м3 байна.
Европийн холбооны орнуудад хар тугалганы нэгдлүүдийг аюултай - Xn, хортой - T гэж ангилдаг.
Хар тугалганы эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Хар тугалга нь амьсгалын зам эсвэл хоол боловсруулах замаар дамжин биед нэвтэрч хуримтлагддаг. Зарим хар тугалганы нэгдлүүд арьсанд нэвчдэг, тухайлбал тетраэтил хар тугалга нь түлшинд цохиулах бодис болгон ашигладаг. Амьсгалсан хар тугалганы утааны гуравны нэг орчим нь шингэдэг. Биед нэвтэрсэн хар тугалганы аравны нэг нь шингэдэг.
Нэгэнт хар тугалга хүний нэвтэрсний дараа олон сөрөг нөлөө үзүүлдэг. Цусны улаан эстэй нэгдэж цус багадалт үүсгэдэг. Мөн кальцийн оронд ясанд бэхлэгдэж элэг, бөөрөнд хуримтлагддаг. Хар тугалга нь мэдрэлийн систем, түүний дотор тархинд сонгомлоор нөлөөлдөг. Ихэсээр дамжин урагт нөлөөлдөг бол төрсний дараа эхийн сүүгээр дамждаг. Хүүхдүүд хар тугалгад онцгой мэдрэмтгий байдаг.
Хар тугалга нь биеэс маш удаан гадагшилдаг. Гол ялгарах зам нь бөөр боловч хөлс, хумс, үсээр мөн ялгардаг.
Хар тугалга эсвэл органик бус хар тугалганы нэгдлүүд агуулсан тоос, уур, утаагаар амьсгалах нь хар тугалгын хордлогод хүргэдэг. Хордлогын эхний шинж тэмдэг нь ходоод өвдөх, хоолны дуршил буурах, ядрах, нойргүйдэх юм. Хэрэв өртөлт үргэлжилбэл маш удаан гадагшилдаг тул хар тугалга хуримтлагдаж эхэлдэг. Бусад шинж тэмдэг илэрч болно. Үүнд: толгой өвдөх, ой тогтоолт буурах, цусны бүтцийн өөрчлөлт, булчин, үе мөчний өвдөлт г.м. Мэдрэлийн системд нөлөөлж, дараах шинж тэмдэгүүд илэрч болзошгүй: гар чичрэх, булчингийн сулрал, улмаар шуу, гарны булчингаас эхлэх саажилт үүсэх эрсдэлтэй.
Органик хар тугалганы нэгдлүүд нь органик бус хар тугалгатай харьцуулахад цочмог хордлого өндөртэй байдаг ба арьсанд нэвтэрч, амьсгалын замаар биед нэвтэрч болно.
Ажил, мэргэжлээс шалтгаалсан өртөлтөөс урьдчилан сэргийлэх
Ихэнхдээ хар тугалга нь ажлын байрны агаарт тоос, утаа, уур хэлбэрээр тохиолддог. Хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь ажлын байранд хар тугалгын өртөлтийг үүсгэж буй тоос, утаа, уурын эх үүсвэрийг арилгах инженерийн шийдэл юм. Эсвэл хэрэглэж буй бодисыг орлуулах боломжтой, жишээлбэл, вааран эдлэлийн үйлдвэрт зарим хар тугалгын нэгдлүүдийг хар тугалганы полисиликатаар сольж болно. Олон улсад хар тугалга агуулсан будаг хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаарласан байдаг.
Хар тугалганы хордлого нь хамгийн түгээмэл мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг байсаар байгаа тул практик дүрмээс гадна улс орнууд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах хууль, тогтоомжийг гарган мөрдөж байна.
Эдгээр хуулиудад өртөлтийн хязгаарыг тогтоож, ажлын байрны агаар дахь хар тугалганы түвшинг хянах, өртсөн хүмүүсийн эрүүл мэндийг тогтмол хянах талаар тусгасан байдаг. Хяналт, эрүүл мэндийн үзлэгийн давтамж нь өртөлтөөс хамаарч өөр өөр байдаг. Эрүүл мэндийн тандалт нь хар тугалгад өртөхөөс өмнөх болон өртөлт зогсох хүртэл хугацаах хамруулсан байх шаардлагатай.
Ажлын байран дахь хар тугалгын хэмжээг эрүүл ахуйн шаардлага хангасан түвшинд байлгахын тулд дараахь үндсэн арга хэмжээг авах шаардлагатай:
- Хар тугалгын эх үүсвэр бүхий газарт тамхи татах, идэж уухгүй байх
- Ажилчид хар тугалгаар бохирдоогүй хооллох, унд уух тусгай газраар хангагдсан байх.
- Халуун орчин бүхий ажлын байранд ажилчдыг тогмол шингэн зүйл уух нөхцөл боломжоор хангасан байх.
- Ажилчдыг тохирох хамгаалах хувцас, хэрэгслээр хангасан байх
- Ажлын хувцас болон энгийн хувцас хадгалах тусдаа шүүгээгээр хангах
- Гар нүүр, угаах болон усанд орох хэрэгслээр хангах
- Ажилчин эсвэл тэдгээрийн гэр бүл ажлын байран дахь хар тугалганы хэмжилтийн үр дүн, эмнэлгийн дүгнэлтийн үр дүнтэй танилцах боломжтой байх.
Эх сурвалж:
ARBETARSKYDDSNÄMNDEN, Kemiska hälsorisker, Gummessons Tryckeri, Falköping, Sweden, 1990
BAKAR CHE MAN A. and GOLD D., Safety and Health in the use of Chemicals at Work: A training manual, ILO, Geneva, 1993
ILO, International Labour Organisation, Code of Practice: Safety in the Use of Chemicals at Work, Geneva 1993
ILO, International Labour Organisation, Safety and Health in the use of Agrochemicals: A Guide, Geneva, 1991
TUC, Trade Union Congress, Hazards at Work, TUC Guide to health and safety, Macdermott and Chant Ltd., London, 1988
IPCS, International Programme on Chemical Safety, Environmental Health Criteria Series, No.3 Lead, Geneva 1977
IPCS, International Programme on Chemical Safety, and CEC, Commission of the European Communities, International Chemical Safety Cards, ICSC#0052
Нийтлэлийг орчуулан хүргэсэн: Б.Алтанзул, НЭМ-ийн магистр