Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо анх 2018 онд “Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжид тавигдах шаардлага” зөвлөмжийг Олон Улсын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Холбоо (International Occupational Hygiene Association) болон бусад улс орны мэргэжлийн холбоодын жишгээр боловсруулж байсан. https://mnaoh.mn/post/16576 Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн эрүүл ахуйчид өөрийн мэдлэг, ур чадвараа улам илүү хөгжүүлэн мэргэжлийн чадамжаа хөндлөнгөөс батламжлуулахад хэрэглэгдэх гол шалгуур юм.
Олон Улсын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Холбоо (International Occupational Hygiene Association)-оос “Үндэсний итгэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хороо” (National Accreditation Recognition Committee) улс орнуудын мэргэжлийн холбоо нийгэмлэгүүдийн зохион байгуулдаг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, зэрэг олгох үйл ажиллагаанд тавигдах шалгуурыг тодорхойлдог. Өнөөгийн байдлаар уг хорооны шалгуурыг хангасан Австрали, Их Британи, Канад, Франц, Герман зэрэг орны нийт 18 хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн холбоо нийгэмлэг байна. National Accreditation Recognition (NAR) Committee – IOHA
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь 2021 оноос Монголдоо мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч бэлтгэх ажлыг эхлүүлж “Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч”-ийн зэрэг олгох шалгалтад бэлтгэх сургалтыг 40 гаруй мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан. “Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч”-ийн зэрэг олгох анхны шалгалтыг 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж бүртгэлийг эхлүүллээ. Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/2b39iWXjYgue7iKX8
Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч болсноор тухайн мэргэжилтэн өөрийн мэдлэг, ур чадвараа хөндлөнгийн мэргэшлийн холбоогоор олон улсын жишигийн дагуу үнэлүүлэх, өөрийн мэдлэг, чадвартаа тохирсон ажил, албан тушаал эрхлэх, цалин орлогоо нэмэгдүүлэх цаашлаад гадны улс оронд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх олон боломж, давуу талуудыг мэргэжилтэнд олгодог.
Монгол улсад одоогоор энэхүү олон улсын шалгуураар мэргэжлийн ур чадвараа баталгаажуулсан хоёр мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч байна. Тэдгээр мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нар нь Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн үүсгэн байгуулагч доктор Д. Нарансүх, Канад Улсад Pinchin Ltd компанид ажиллаж буй доктор Ө. Батцэцэг нар юм.
Ө. Батцэцэг нь 2020 онд Америкийн хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөлийн шалгуурыг хангаж Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч (Certified Industrial Hygienist) болж байсан бол Д. Нарансүх нь 2023 онд Австралийн Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын институтийн шалгуурыг хангаж Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч (Certified Occupational Hygienist) болсон.
Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч болох хүсэлт гаргасан мэргэжилтэн нь тухайн улсын шалгалт авах эрх бүхий байгууллагаас мэргэжлийн чадамжид тавигдах суурь шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн зэрэг горилогчид тавигдах шаардлага
-
Их, дээд сургуулийг хөдөлмөрийн эрүүл ахуй, НЭМ судлал, Эрүүл ахуй-тархвар судлал, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдал эсвэл эдгээртэй дүйцэхүйц мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн;
-
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг дүүргэсэн:
-
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төрөлжсөн мэргэшлийн сургалт эсвэл гадаадын их сургуулийг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлээр бакалавр, магистрын хөтөлбөр дүүргэсэн
-
-
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлээр 5 жилээс багагүй хугацаанд ажилласан туршлагатай; (шаардлагатай тохиолдолд ажлын газрын тодорхойлолт авна)
-
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны жинхэнэ гишүүн;
-
Мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;