Манай холбооноос "Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжийн шаардлага" зөвлөмжийг 2018 онд боловсруулан гаргалаа. Энэхүү зөвлөмж нь "Хөдөлмөрийн эрүүл ахуйч" хэмээх мэргэжилтэн ямар чадамжтай байх ёстойг бусад улсын жишгээр тогтоосон баримт бичиг юм. Энэ нь Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчид маань мэдлэг, ур чадвараа улам илүү хөгжүүлэн мэргэжлийн ЧАДАМЖАА Америкийн, Австралийн, Их Британи зэрэг орны хөдөлмөрийн эрүүл ахуйчтай адилаар батламжлуулах, олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарах боломжийг нээх эхний алхам юм. Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын практикт CIH буюу Certified Industrial Hygienist (Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч) гэсэн мэргэжлийн зэрэг байдаг. Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч болох хүсэлт гаргасан мэргэжилтэн нь тухайн улсын шалгалт авах эрх бүхий байгууллагаас мэргэжлийн чадамжид тавигдах үндэслэн тогтоосон суурь шаардлагыг хангасан байх шаардлагатай. Улмаар шалгуур хангасан мэргэжилтэн чадамжаа үнэлүүлэх шалгалт өгөх эрхтэй болдог. Ийм төрлийн зэрэг олгох шалгалтыг Америк, Англи, Австрали зэрэг орнуудад Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбоо(The International Occupational Hygiene Association)-ноос Үндэсний итгэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хороо(National Accreditation Recognition)-нд бүртгэл мэргэжлийн холбоо зохион байгуулдаг. Зохих шалгуурыг хангаж Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч нь тодорхой хугацааны давтамжтай шалгалт дахин өгөх эсвэл тасралтгүй сургалтын кредит оноо цуглуулж зэргээ хадгалах шаардлагатай.
Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч зэрэгтэй болох нь ажил мэргэжлийн карьерээ дээшлүүлэх, ажлын байраа баталгаажуулах, цалин орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг мэргэжилтэнд олгодог. Бусад улсад Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч нар ихэнхдээ томоохон үйлдвэр, компанид хөдөлмөрийн эрүүл ахуйн төлөвлөлт, шийдвэр гаргах түвшний ажлыг хийдэг бөгөөд цалин урамшуулал нь ч өндөр байдаг. Зарим компани хөдөлмөрийн эрүүл ахуйч ажилд авах зар гаргахдаа Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч зэрэгтэй бол давуу байдал олгоно гэсэн мэдэгдэл хийдэг. Тухайлбал Рио Тинто групп уурхайн төслийн хөдөлмөрийн эрүүл ахуйн удирдах албан тушаалд заавал Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч ажлуулах журам мөрддөг. Манай улсад "Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжийн шаардлага" тодорхойгүй, Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйчийн зэрэг олгох тогтолцоо байдаггүйтэй холбоотой Оюу толгой ХХК-д АНУ, Австралийн Батламжлагдсан хөдөлмөрйин эрүүл ахуйч нар ирж ажиллаж байна.
Манай оронд хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарыг хөгжүүлэх, мэргэжилтнүүдээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлхийн тулд "Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжийн шаардлага"-ыг бий болгох, уг шаардлагыг хангасан мэргэжилтнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах тасралтгүй сургалтыг тогтмол зохион байгуулах, мэргэжлийн чадамжийг батламжлах шалгалтын тогтолцоотой болох, улмаар Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбооны Үндэсний итгэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хороонд бүртгүүлэх, ач холбогдолыг нь ажил олгогч, бусад холбогдох талуудад таниулан ойлгуулах гэх мэт олон ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн чадварлаг мэргэжилтэн нь эрүүл, бүтээмжтэй ажиллах хүчнийг бүрдүүлэх, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний болон даатгалын зардлыг бууруулах замаар байгууллага, улс орны маань хөгжилд эерэг нөлөө үзүүлэх нь дамжгүй.
Холбоос:
Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбооны Үндэсний итгэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хороо
Хөдөлмөрийн эрүүл ахуйн Америкийн зөвлөл
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжийн шаардлага
Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбоо, Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдлэг, чадамжийн шаардлага, 2018
Америкийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн холбоо, Хөдөлмөрийн эрүүл ахуйн практикийн цөм чадамж, 2018 он
Д.Нарансүх