2018 оны ажлын тайлан

Асбесттэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны зааврын зөвлөмж: Асбест нь  уушги, гялтан хальсны хавдар үүсгэгч хортой бодис юм. Д.Нарансүх нарын 2018 онд Орчны судалгаа, Нийгмийн эрүүл мэндийн Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд  Монгол Улс 1996-2014 оны хооронд 44.4 мянган тонн асбест, асбест агуулсан материал импортлон хэрэглэсэн байна (Int. J. Environ. Res. Public Health 2018, 15, 136; doi:10.3390/ijerph15010136).  Гэвч асбестэд өртдөг ажилтнуудыг хамгаалах зорилгоор энэхүү зөвлөмжийг боловсруулж,  ХНХЯ, ХАБЭМТ, МХЕГ, НМХГ-т хүргүүлэн асбест хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмжийг түгээхэд хамтран ажиллах хүсэлт хүргүүллээ. 

Мэргэжлийн чадамжид тавигдах шаардлага зөвлөмж: Монгол улсад Хөдөлмөрийн эрүүл ахуйчдыг 1970-аад оноос хойш бэлтгэж ирсэн. Гэвч өнөөг хүртэл энэ салбарын мэргэжлийн хүний нөөцийн тоо хүрэлцээгүй, мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх хэрэгцээтэй хэвээр байна. 2015 оноос хойш АШУҮИС, ШУТИС, Хөдөлмөрийн харилцаан дээд сургуулиудад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтнийг бэлтгэх бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг шинээр нээсэн. Мөн цөөнгүй мэргэжлийн бус ажилтнууд хөдөлмөрийн эрүүл ахуйг хариуцан үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, ХАБЭА-н түр сургалтын төвүүд энэ чиглэлээр сургалт хийж байна. Гэвч “Хөдөлмөрийн эрүүл ахуйч” мэргэжилтэн нь ямар мэдлэг, ур чадварт тавигдах шаардлага тодорхойгүй байлаа. Манай холбоо нь энэхүү нөхцөл байдалд үндэслэн “Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах мэдлэг, чадамжийн шаардлага” зөвлөмжийг 2018 онд боловсруулан, гишүүдтэй хэлэлцүүлэн батлуулсан. Уг зөвлөмжийг боловсруулахад Америкийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн холбоо, Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбооны ижил баримт бичгүүдийг ашигласан. Цаашид уг зөвлөмжийг   ХНХЯ, МХЕГ, ХАБЭМТ, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөж байна.

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм: Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн итгэл үнэмшлээрээ гаргасан шийдвэр нь  хүний эрүүл мэндтэй холбоотой байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа нь байгууллага, хувь хүний мэдээлэлтэй харьцах асуудал тулгардаг. Эдгээр нөхцөл байдлын улмаас хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүд ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Холбооноос гишүүддээ зориулан “Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг 2018 онд боловсруулан, вэбсайтад байршуулаад байна. 

Судалгаа:  

Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлсон судалгаа. Манай холбоо нь 2017 оны 7 сараас 2018 оны 3 сарын хооронд Мицубиши Корпорацийн санхүүгийн дэмжлэгээр уг судалгааг хэрэгжүүлэв. Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, шийдвэрийг оновчтой болгох, олон нийтийн мэдлэг, хандлагад нөлөөлөхөд энэхүү судалгааны үр дүн нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо баримт болох ач холбогдолтой юм.

Ил уурхайн ажилтнуудын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ.  Уурхай нь үйл ажиллагаа ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл зүйн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлдгийг тогтоох, цаашид ажилтнуудыг эрүүл мэндийг дэмжих зөвлөмж гаргах зорилгоор уг судалгааг Оюу Толгой ХХК-ийн захиалгаар хэрэгжүүлж байна. Энэхүү судалгаа нь Монголд анх удаа хийгдэж байгаа бөгөөд олон жилийн ажилтнуудын эрүүл мэндийг байдлыг хянах тандах суурь мэдээллийг бий болгож байгаа нь ач холбогдолтой.

Стандартын шинэчлэл:  Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам болон Германы ОУХАН-ийн ЭТИС төсөлтэй хамтран хөдөлмөрийн эрүүл ахуйн 4 стандартыг шинэчлэн боловсруулав 2018 оны 12 сарын 7-ны өдөр СХЗГ-ын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн техникийн хороо”-ны хурлаар батлуулав. Энэ ажлын хүрээнд MNS 5002:2000, MNS 5003:2000, MNS 4996:2000,  MNS 4994:2000, MNS 4995:2000 стандартууд шинэчлэгдсэн бөгөөд 2019 оны эхний хагаст багтаж хэрэгжиж эхэлнэ. Стандартыг шинэчлэх ажлын хэсгийн холбооны тэргүүн Д.Нарансүх ахалж, гишүүд З.Мөнхтуул, Э.Эрдэнэчимэг, Б.Нарангарав, Д.Ерөөлтбаяр, О.Болорсүх нар ажиллав. 

Гишүүдийн мэргэжлийн ур чадварын хөгжүүлэлт:

Мэргэжлийн сэтгүүл:  Америкийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн холбооноос эрхлэн гаргадаг "Synergist" сэтгүүлийг цахим хэлбэрээр авч гишүүдэд имэйлээр сар тутамд хүргүүлэв.

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажлын байрны тодорхойлолт:  Үлгэрчилсэн загварыг боловсруулж, гишүүдээс санал авч засварлан сайжруулж удирдах зөвлөлийн гишүүдийн 4 сарын хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.  

Тасралтгүй сургалт: Гишүүдийн мэргэжлийн мэдлэг чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн "Хөдөлмөрийн эрүүл ахуйн цуврал сургалт" 2018 оны 2, 5, 6, 9, 10, 11 саруудад зохион байгуулж, 121 хүнийг сургалтад хамруулав. Сургалтын чиглэл, агуулгын саналыг гишүүдээс цахимаар авч эрэлт хэрэгцээнд суурилан хийхийг зорьж ажиллав.

2 сарын 21-22: Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс

5 сарын 10-10: Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт арга зүй

6 сарын 30: Ажлын байрны агаар бохирдуулагч

9 сарын 26-27: Хөдөлмөрийн эрүүл мэндийн практик сургалт

10 сарын 31: Ажлын байран дахь агаар бохирдуулагч

11 сарын 11: Ажлын байрны агаараас тоосны сорьц цуглуулах арга зүй

Тасралтгүй сургалтад Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн ерөнхий зөвлөх Эндрю Мк Карти, АНУ-ын Дрекселийн Их Сургуулийн профессор Артур Фрейнк уригдан ирж, үнэ төлбөргүй хичээл заалаа. 

Зохион байгуулалтын ажлууд:

Удирдах зөвлөлийн хурлыг сар тутам тогтмол зохион байгуулж холбооны үйл ажиллагааны явцыг хэлэлцэж байна.

Албан ёсны оффистой боллоо. Улаанбаатар хот, БГД, 4-р хороо, УБ Платинум оффис, 602 тоотод өрөөг түрээсэлж, УЗ-ын хурал, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.

Зохицуулагчтай боллоо. 2018 оны 10 сараас АУ-ны доктор Э.Чимэддулам зохицуулагчаар ажиллаж, сургалт, төслийг үйл ажиллагааг  хариуцан ажиллаж байна. 2019 оны 1 сард бусад байгууллагуудтай хамтран ХАБЭА-н стандартын шинэчлэл, Тоосны стандартын сургагч багш бэлтгэх зэрэг  төслүүдийг хэрэгжүүлж байна.