Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь ХБНГУ-ын Физик Техникийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Уурхайн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Ажлын байран дахь тоосны өртөлтийг зохицуулах үндэсний стандартын сургагч багш бэлтгэх” 2 удаагийн сургалтыг 2019 оны 2 сарын 11-16 болон 2019 оны 2 сарын 27-ноос 3 сарын 4-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь тоосны өртөлтийг зохицуулах хөдөлмөрийн эрүүл ахуйн MNS 6654: 2017, MNS 6656:2017, MNS 6657:2017, MNS 6658:2018 стандартаар сургалт хийх замаар хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх сургагч багшийг бэлтгэх зорилготой юм.
Сургалтад МХЕГ, нийслэл, аймгийн мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйн багийхан, МХЭАҮХ-ны гишүүд зэрэг нийт 36 мэргэжилтэн сургалтад хамрагдаж ажлын байранд тоосны өртөлтийг зохицуулах үндэсний багц стандартын сургагч багшаар бэлтгэгдлээ.
Сургалтын хүрээнд уурхайн үйл ажиллагаа, тоос дарах туршлагатай танилцах, ажлын байрнаас эрдсийн тоосны сорьц цуглуулах 1 өдрийн дадлага хичээл Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ил уурхайн талбар дээр зохион байгуулагдлаа.
Сургалтын төслийг хамтран амжилттай хэрэгжүүлсэн ХБНГУ-ын Физик Техникийн хүрээлэн, МХЕГ-ийн Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, Тусгай хяналтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Эрдэнэт Үйлдвэр, Health and Safety Solutions LLC -HSS-д гүн талархал илэрхийлье !