COVID-19 вирүсийн халдварын тархалтын үед эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтнууд хариуцлагатай, анхаарал төвлөрөл шаардсан, ачаалалтай ажлыг үргэлжилсэн хугацаанд ээлжгүй гүйцэтгэж байна. Ялангуяа төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар хөл хорионы нөхцөлд олон хоногоор ажиллах болсон. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн ажилтнууд архаг ядаргаанд орох, халдварт авах, стрессдэх, эмнэлгийн тусламж үзүүлэхдээ алдаа гаргах зэрэг сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Гамшгийн үед эмч, сувилагч нар нойр багатай, өндөр ачаалалтай ажиллах нь ядрах, сэтгэл гутралд хүргэж болзошгүйг хөдөлмөрийн эрүүл мэндийн олон байгууллагууд анхааруулж байна. Эдгээр нөхцөл байдал нь эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлөх төдийгүй, эмнэлгийн мэргэжилтний хомстолд оруулах хүртэл сөрөг нөлөөтэй.
Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын хяналтад анхаарал хандуулахаас гадна ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад зориулсан тусгайлсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд халдварын урьдчилан сэргийлэлт, архаг ядралтын сэргийлэлт, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, ослын сэргийлэлт, нийгмийн халамж гэх мэт асуудлыг багтаах нь зүйтэй юм.
АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс зөвлөж буй эрүүл мэндийн ажилтнуудыг ядаргаанд өртөхөөс сэргийлсэн зөвлөмжийг энд дарж уншина уу.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо
Зургийн эх үүсвэр. https://fortune.com/2020/03/11/coronavirus-health-care-workers-well-being/