Хөдөлмөрийн эрүүл ахуйн онлайн сургалт амжилттай зохион байгуулагдав

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо 4 дүгээр сарын 13-наас 24-ны өдрийн хооронд "Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь сургалт" -ыг цахимаар зохион байгууллаа. Сургалт өдөр бүр 2 цагаар, 10 өдөр хичээллэв. Сургалтад хөдөлмөрийн эрүүл ахуйчид, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмч, мэргэжлийн хяналтын байцаагч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд зэрэг 42 хүн  хамрагдав. Онлайн уулзалтын Zoom программыг ашиглаж сургалтыг live буюу суралцагч нар багштайгаа шууд холбогдох байдлаар зохион байгууллаа.

Сургалтыг анагаах ухааны доктор Нарансүх удирдаж, ХНХС-ын 2019 оны А/370 тоот тушаалаар батлагдсан ХАБЭА-н ажилтны сургалтын хөтөлбөрийн хөдөлмөрийн эрүүл ахуйн сэдвийн дагуу бэлтгэсэн жишиг лекцээр хичээлээ заав. Сургалт бүрийн дараа лекцийн унших материал, аудио бичлэгийг цахимаар хүргүүлж байв. 

Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтан дутагдалтай өнөө үед түр сургалтын төвүүд энэ чиглэлээр олон төрлийн сургалтыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай ч хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн суурь мэдлэгийг суралцагч нарт олгоход хангалтгүй байгаа билээ. Энэ асуудалд мэргэжлийн холбоо нь анхаарлаа хандуулж хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь сургалтын хөтөлбөрийг боловсруулж А/370 журамд тусгах, жишиг лекцийг боловсруулах, сургагч багш нарыг бэлтгэх ажлуудыг санаачлан үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо