Япон дахь ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой COVID-19-ын эсрэг ажлын байрны хариу арга хэмжээ.
Амьсгалын хүнд хэлбэрийн цочмог хам шинж (SARS-CoV-2)-ээр илэрдэг шинэ корона вирус (COVID-19)-ээс үүдэлтэй цар тахал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Олон засгийн газрууд коронавирустай тэмцэхийн тулд хүмүүс хоорондын зай барих, гэрээсээ гарахгүй байх, аялалын хязгаарлалт, шаардлагагүй бизнесүүдийг зогсоох зэргээр эрүүл мэндийн онц байдал зарласан. АНУ-ын Өвчнийг хянах төв (CDC)-өөс COVID-19-ээс урьдчилан сэргийлэх удирдамжийг гаргасан. Үүнд: ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй ажилтнаа гэрт хариулах, гэрээсээ ажиллах нөхцлөөр хангах, бизнесийн аялалыг багасгах болон олноороо цугларахаас зайлс хийх зэргээр ажилчдад боловсрол олгох багтсан. Зарим ажилчид ямар нэгэн бэлтгэлгүйгээр байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу гэнэт ажлынхаа хэлбэрийг өөрчлөхөд хүрсэн. Бусад нь хэвийнээр ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Мөн түүнчлэн маш олон хүн COVID-19-ээс болж хүчтэй айдас, санаа зоволт, сэтгэл санааны дарамттай байна. Үүнээс үүдэн ажилчдын гүйцэтгэл буурсан. Хэрэв ажил олгогчийн ажлын байранд хэрэгжүүлж буй арга хэмжээ COVID-19-тэй холбоотой ажилчдын айдас, санаа зоволтыг бууруулж чадвал тэд хүлээн зөвшөөрөгдөхүйц ажлын гүйцэтгэлийг үлдээж болох юм.
Иймээс Японы эрдэмтэд COVID-19-ийн эсрэг ажлын байранд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд, ажлын гүйцэтгэлийн хамаарлыг судалсан байна.
Ажлын байранд хэрэгжүүлсэн арга хэмжээ гэдгийг тодорхойлохдоо Японы томуугийн өмнөх дэгдэлтийн үед ажлын байрны талаарх зөвлөмжийг үндэслэн 7 мэргэжлийн эмч, хөдөлмөрийн эрүүл мэндийн судлаач нар оролцож жагсаалтыг хэлэлцжээ. Үүнд: хувь хүний урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажлын байран дахь халдварын эрсдлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, гэртээ эмнэлзүйн шинж тэмдэг илрэхэд хүлээх, холбоо барих журам, халдвар авсан эсвэл тахлын үед түр хугацаагаар ажиллахгүй байх, эрсдэл өндөртэй хүмүүсийг байрлуулах тухай мэдээлэл, мэдээллийн найдвартай эх үүсвэрийн талаарх ойлголт, тусгай арга хэмжээний үргэлжлэх хугацааны талаарх мэдээлэл зэрэг үзүүлэлтүүдийг багцлан авч үзжээ.
Судалгааг бүтэн цагийн ажилчдыг хамруулан когорт судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн байна. Нийт 1448 оролцогчид 2020 оны 3 сарын 19-22-ны өдрүүдэд онлайнаар ганцаарчилсан асуумж бөглөжээ. Тэдний COVID-19-тэй холбоотой айдас, санаа зоволт, сэтгэл санааны дарамт болон ажлын гүйцэтгэлийг тогтооход олон хүчин зүйлийн шугаман регресс хийсэн.
Судалгааны үр дүнгээс дурдвал. Ажлын байранд хэрэгжүүлсэн арга хэмжээ нь ажилчдын айдас, санаа зоволтод эерэг нөлөө үзүүлсэн (β = 0.123, P < .001) бол сэтгэл санааны дарамттай сөрөг хамааралтай β = −0.068, P = .032, ажлын гүйцэтгэлд мөн эерэг нөлөө үзүүлж байсан байна β = 0.101, P = .002.
Ажлын байранд хэрэгжүүлж буй арга хэмжээ нь COVID-19-ийн дэгдэлтийн үед ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын гүйцэтгэлийг хадгалж үлдэхэд дэм болох магадлалтай гэж судлаачид дүгнэжээ. Мөн ажлын байран дахь арга хэмжээ болон COVID-19-ийн талаарх айдас, санаа зовинолтын хоорондын эерэг хамаарал нь ажлын байранд COVID-19-ийн эсрэг арга хэмжээ авсантай холбоотойгоор ажилчдын мэдлэг дээшилсэнтэй холбоотой байж магадгүй юм гэж тэд үзжээ.
Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7289653/