Ковид-19-ийн үед уртасгасан ээлжийн турш удаан хугацаагаар хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл  (ХХХХ) өмсөх нь эмч, эмнэлгийн ажилчдад физиологийн хямрал, дулааны стресс үүсгэж байна. 

 

Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв (CDC)-с Ковид-19 цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилчдын дунд илрэх дулааны стрессийн талаар нийтэлжээ. Уг нийтлэлд  удаан хугацаагаар маск зүүснээр нүүр болон маскны хооронд үүсэх хязгаарлагдмал байдлаас шалтгаалсан нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн ихсэлт физиологийн хямрал үүсгэх боломжтой талаар хэлэлцсэн байна. Мөн дулааны стресс нь хувийн хамгаалах хувцас өмсдөг эмч, эмнэлгийн ажилчдын дунд үүсэж болзошгүй стресс хүчин зүйл болоод байгаа талаар онцолжээ.

Халуун болон чийглэг орчин дахь маск болон бусад хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн (ХХХХ) хэрэглээ.

Эмч эмнэлгийн ажилчид халуун, чийглэг орчинд ихэвчлэн маск, бүрэн хэмжээний хамгаалах хувцас, хэрэгслийг (ХХХХ) удаан хугацаагаар өмсөн ажиллаж байна. Иймээс Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ нь эмнэлгийн нөөц болон бусад тусламж үйлчилгээний салбарт том сорилт болж байна. Удаан хугацаагаар ХХХХ өмсөх нь ажилчдад физиологийн хямрал үүсгэх бөгөөд энэ нь ихэвчлэн амьсгалын болон дулааны стрессээр илэрч байгаа юм. Хэдийгээр эмнэлгийн ажилчид ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн тохилог орчинд ажилладаг ч цар тахлын яаралтай нөхцөл байдалд хээрийн эмнэлэг, эсвэл зориулалтын бус газрыг тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байгаа нь ажилчдын тав тухтай орчин, тохиромжтой температурыг хадгалахад хүндрэл учруулж байгаа юм. Энэ нөхцөлд орчны чийглэг, температураас шалтгаалан тухгүй байдал үүсэх эсвэл эмнэлгийн ажилтан, өвчтөнтөний эрүүл мэндэд аюул учирч байна. 

Ажилчид илүү бүрэн хэмжээний ХХХХ өмсөх шаардлагатай болсон нь дулааны стресс, физиологийн хямралын өндөр эрсдэлийг үүсгэж байна. 

Хэрвээ эмч, эмнэлгийн ажилчид шингэнээ нөхөлгүй олон цагаар ажиллавал, хөлсөөрөө дамжуулан шингэнээ алдаж, цусан хангамж багассанаар даралт буурах, толгой эргэх шинж тэмдэг илэрдэг. Толгой эргэхээс гадна биеийн ерөнхий температур нэмэгдэж өөр бусад шинж тэмдэг илрэх шалтгаан болдог (NOISH, 2016-ын жагсаалтыг харна уу). Хэрвээ эмч, эмнэлгийн ажилчид шингэнээ хангалттай нөхөлгүй эцсээ хүртэл үргэлжлүүлэн ажилласаар байвал яваандаа нөхөх боломжгүй болж дулааны туйлдалд орох магадлалтай. Эдгээр дулааны нөлөөлөл нь ажилчдын нөхцөл байдлыг таних чадварт нөлөөлдөг. Иймээс халдвар авах эрсдэлт өндөртэй ажилладаг ажилчдын дулааны ачааллыг хязгаарлах шаардлагатай гэжээ.

Дулааны стресс, физиологийн хямралаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Шингэн зүйл уух боломжгүй завгүй байна уу? Тэгвэл халуун нөхцөлд ажиллаж байх явцдаа утсандаа эсвэл ухаалаг цагтаа сэрүүлэг тохируулж 15-20 минут тутам шингэн зүйл уух хэрэгтэй.  

Дулааны стресс болон физиологийн хямралын шинж тэмдэг:

  • Цангах (цангах нь шингэн алдалтын найдвартай үзүүлэлт биш гэдгийг анхаараарай)
  • Толгой өвдөх 
  • Шээс өтгөн хурц үнэртэй гарах (шингэн алдалтын төвшинг харуулсан шээсний өнгөт диаграммтай харьцуулах)
  • Арьс улайх 
  • Их хэмжээгээр хөлрөх 
  • Архаг ядаргаа
  • Биеийн температур нэмэгдэх 
  • Толгой эргэх эсвэл чиг баримжаагаа алдах 
  • Танин мэдэхүйн үйл ажиллагааг бууруулдаг (нөхцөл байдлыг мэдрэх, дүгнэх байдал буурдаг)
  • Тэнцвэр алдагдах, унах эрсдэлийг нэмэгдүүлдэг 

Хяналтыг гартаа авах-Дулааны стрессээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Дулааны стрессийн нөлөөг хянахын тулд Америкийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хүрээлэн (NIOSH)-с гаргасан зөвлөмжийг дагах
  • Халуун орчинд ажиллах хугацааг багасгаж сэрүүн орчинд амрах хугацааг нэмэгдүүлэх
  • Битүү хамгаалах хувцас, хэрэгсэл өмссөн үедээ тусламж үйлчилгээ үзүүлэх үед ахлагч болон ажилчдад дулааны стрессийн талаар сургалт хийх. 
  • Ажилчид бие биенийхээ физиологийн дулааны ачааллын шинэ тэмдгийг анзаардаг хамтын системийг хэрэгжүүлэх 
  • Хангалттай хэмжээний хүйтэн ус (15oC, 59oF) ажлын орчинд ойр байлгаж ажилчид ойр ойрхон уухад дэмжлэг үзүүлэх. Хэрвээ ажилчид 90 минутаас илүү хугацаагаар хамгаалах хувцас, хэрэгсэлтэй ажиллахаар бол эрдсээ алдахаас сэргийлж эрдэсжүүлсэн хүйтэн ус (15oC, 59oF)-аар хангах.
  • Цаг агаарын мэдээгээр халуун болох нь тодорхой бол дулааны дохиоллын системийг хэрэгжүүлэх 

 

Эх сурвалж: АНУ-ын CDC (Centers for Desease Control and Prevention) https://blogs.cdc.gov/niosh-science-blog/2020/08/06/ppe-heat-stress/