Хүүхдүүд агаар бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын хүүхдүүд өглөө, оройн цагаар агаарын бохирдлын оргил үеээр хичээлдээ явж, харьдаг нь насанд хүрэгчдээс илүүтэй агаарын бохирдолд өртөх нөхцөлийг бүрдүүлж байна. Хүүхдийн бие махбодын онцлог нь агаарын бохирдлын шалтгаант өвчлөлд илүү өртөмхийн болгодог.  Тиймээс  хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг бодиттойгоор тодорхойлох, улмаар тэдний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн өвөрмөц арга хэмжээний хэрэгцээг тогтоох, үндэслэл нотологоо бий болгох шаардлагатай байна.

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо Мицубиши корпорацийн дэмжлэгээр АШУҮИС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл мэндийн институт, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лабораторитой хамтран "Хүүхдүүд агаарын бохирдолт өртөх байдлыг амьгалын түвшинд нь тодорхойлох судалгаа" төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Судалгаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21,  Чингэлтэй дүүргийн 39-р бүрэн дунд сургуулийн 100 хүүхдийг хамруулав. Судалгааны үеэр хүүхдүүдийн амьсгалын түвшин буюу энгэрт нь азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, нарийн ширхэгт тоосны сорьц цуглуулах хэрэгслийг байрлуулж сорьц цуглууллаа. Эдгээр сорьцыг АШУҮИС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори болон Ногоон титэм лабораторид шинжилж агаар бохирдуулагчийн концентрацыг тодорхойлно. Судалгаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэнд судлалч ангийн 5 дамжааны оюутнууд сайн дураараа оролцож, бага ангийн сурагчидад Агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр сургалтыг хийж байна. Судалгааны үр дүнг 2018 оны 2 сарын эхээр олон нийт болон холбогдох байгууллагуудад хүргүүлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах гарц шийдэл хайх ажилд дэмжлэг, нотолгоо болгохоор зорин ажиллаж байна. 

Төслийг холбооны гишүүн Д.Нарансүх, Б.Алтангэрэл нар удирдаж ажиллаж байна.

Судалгааны үеийн зурагнуудаас